МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ МОНГОЛ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД АГСАН, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Нийтэлсэн огноо: 2022.11.22

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ МОНГОЛ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД АГСАН, ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Монгол төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Монголын анхны мэргэжлийн дипломатуудын нэг Мангалын Дүгэрсүрэн нь дипломат албанд нийт 37 жил, түүний дотор Гадаад явдлын яамны сайдаар 17 жил ажиллаж Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, орчин үеийн дипломат албыг өсгөн бэхжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвартай гадаад харилцааны ажилтнууд, мэргэжлийн дипломатуудыг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Өмнө нь олон улсын харилцааны мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан манай улс 1991 онд Олон улсын харилцааны сургуулийг байгуулж, үндэснийхээ боловсон хүчнийг өөрсдөө бэлтгэдэг болоод 30 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын цомхон бөгөөд чадварлаг дипломат албыг бэхжүүлэхэд М.Дүгэрсүрэн гуайн оруулсан хувь нэмэр асар их.

Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсныхаа дараа ч эзэмшсэн мэргэжил, ажлын баялаг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлж, Монгол Улсын гадаад бодлогын “Алтан аргамж”-ийг бэхжүүлэхийг зорин мэргэжлийн дипломатуудаа дотооддоо бэлтгэх зорилготой МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяаг мөнхжүүллээ.

“Түүний ажилсаг, зарчимч, хариуцлагатай, нягт нямбай чанарт үе үеийн дипломатууд үлгэрлэн суралцаж, энэ нь Монгол Улсын “Алтан аргамж”-ийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үеэр онцлон тэмдэглэсэн юм.

 Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг Мангалын Дүгэрсүрэнгийн нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргил, ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин, ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, МУИС-ийн доктор Д.Бадарч, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Ц.Гомбосүрэн,  Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, дипломатч Ж.Энхсайхан,  Х.Бэхбат тэргүүтэй хүндэт зочид М.Дүгэрсүрэнгийн гэр бүл, үр хүүхдүүд  МУИС, ОУХНУС-ийн хамт олон 50 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Монгол Улсын Их Сургууль

Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Эрдмийн хамт олон