ОУХНУС-ийн 2007 оны төгсөгч Г.Тэлмэний төгсөлтийн баярын арга хэмжээнд хэлсэн үг

Нийтэлсэн огноо: 2022.09.23

ОУХНУС-ийн 2007 оны төгсөгч Г.Тэлмэний төгсөлтийн баярын арга хэмжээнд хэлсэн үг

Монгол улсын их сургуулийн Ректор, доктор Очирхуяг, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн эрдэм доктор профессорууд, хүндэт багш, хамгийн гол нь өнөөдөр төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа нийт төгсөгч залуус та бүхэндээ Монгол улсын их сургуулийн 77 дахь эрдмийн баярын мэндийг хүргэе.

Төгссөн сургуулийнхаа төгсөлтийн арга хэмжээн дээр үг хэлэх боломж олгосон эрдэмтэн багш нартаа баярлалаа. Энэ бол том хүндэтгэл бас нэр төрийн хэрэг хэмээн олзуурхаж байна.

Хөл хориотой өрнөсөн 2020, 2021 он ард хоцорч, хөөр баяраар дүүрэн Эрдмийн баяртайгаа золгож байгаад баяртай байна аа. Маргаашаас эхлэн МУИС хэмээх их айлын нэгэн адил төгсөгчид болохын хувьд, та бүгдээс арай өмнөхөн нь сургуулиа төгссөн нэгний хувьд хуваалцах 3 зүйлс надад байна.

Юуны өмнө ӨӨРЧЛӨЛТ

Өнөөдөр хамгийн тогтвортой зүйл бол ӨӨРЧЛӨЛТ өөрөө болжээ. Өчигдөр байгаагүй өвчин өнөөдөр дэгдэж, болдог л байсан арга замууд хуучран хоцрогдож байгааг та бид илүү тодоор харж буй он жилүүд үргэлжилж байна. Боловсрол дан ганц сургууль төгссөнөөр хэмжигдэх үе аль хэдийн хоцрогдсоон. Тавхан жилийн өмнө аав маань тэтгэвэртээ гарахдаа замын инженерээр суралцаж тэрхүү мэргэжлээрээ 35 жил тасралтгүй ажилласан байлаа. Тэгвэл өнөө цагт тэгэх боломж бараг үгүй болжээ. Орчин үед дундаж хүн амьдралдаа 10 удаа ажлаа сольж, 3 удаа мэргэжлээ солино гэж судалгаагаар хэлэх болжээ. Аж үйлдвэрийн хувьсгал, автоматжуулалтын нөлөөгөөр 2050 он гэхэд одоогийн ажлын байруудын талаас илүү хувь нь өөрчлөгдөнө нэг бол алга болно гэж үзэж байна.

Тэгвэл энэ үед та бид яах ёстой вэ? Тасралтгүй суралцахаас өөр арга зам үгүй. Гагцхүү тасралтгүй суралцаж байж цаг үе, технологийн хөгжилтэй бид хөл нийлүүлэн алхах цаг ирсэн. Төвлөрсөн бус санхүү, Метаверс, Веб 3.0 зэргийг та бүгдийн дийлэнхи нь сонссон биз ээ. Тэгвэл өнөөдрөөс эхлээд сонсоод зогсохгүй ашиглаж суралцахад, ашиглаж бүтээхэд суралцаарай. Тиймд суралцахуйд суралцахын ач холбогдол асар өндөр гэдгийг ухамсарлаарай. Ингэхдээ өөрчлөлтийн хурдаас суралцах хурд тань хоцрохгүй байхад мөн анхаарч яваарай.

Хоёр дахь нь ХҮЧТЭЙ ХАМТДАА

Чадварлаг залуусыг би олон мэднэ. Харамсалтай нь хамтрах тал дээр тааруу байдаг нь Монголчууд бидний бас нэгэн сул тал юм билээ. Нэг байсан айл хоёр тийш салах, нэг байсан байгууллага хоёр гурав хуваагдах, цаашилбал нэг байсан улс үндэстэн хоёр хуувагдахын хор гайг алс холын Америк, Украинаас бид харах шаардлагагүй ээ. Бидний эргэн тойронд бэлхнээ тод жишээнүүд бий.

Ажил амьдрал дээр санал бодол нийлэхгүй үе бишгүй дэ гарна. Тэглээ гээд нэг хүний амбицаас илүү, нийтлэг эрх ашгийн төлөө бол нэгдэж нийлэхийн ач холбогдол өндөр юм билээ. Чи мундаг байж болноо, чи хамгийн сайн төгсөгч ч байж болно, чи хамгийн сайн мэргэжилтэн болж ч болно. Бид Монгол улсын их сургууль төгсөж тэд Монголын үндэсний их сургууль төгссөн ч байж болно. Тэгсэн ч бид хамтарч ажиллах шаардлага заавал байгааг санаж яваарай. Грекийн сэтгэгч Аристотелийн хэлсэн “Бүхэл хэзээд түүний бүрдэл хэсгүүдийн нийлбэрээс их байдаг” гэдгийг санаж хамтарч ажиллах, хамжиж бүтээх арга замыг эрэлхийлж яваарай. Зөвхөн ингэж байж цөөхөн

Монголчууд бид 1+1=2-с илүүг бүтээж чадна.

Эцэст нь ТОД ГЭРЭЛ НЬ БАЙ

Монгол улсад болж бүтэхгүй зүйлс зөндөө байгаа залуусаа. Энэ оны 1-р улиралын байдлаар эдийн засгийн бодит өсөлт -3.8%, инфляцын түвшин 14.4% нөгөө талд нь 3 хүн тутмын 1 нь ядуу (904 мянган хүн), ажилгүйдлийн түвшин 8% даваад явж байна. Авлига хээл хахууль, ажилгүйдэл ядуурал, хүрээлэн буй орчны доройтол гээд амьдрахад тийм ч таатай улсын нэг нь бидний Монгол улс биш байж магадгүй ээ. Олон ч залуус гадагшаа гарах тухай ярих болсон нь нуух боломжгүй бодит үнэн.

Би л болчихвол, би л мөнгөтэй болчихвол, би л гайгүй сургууль төгсчихвөл, би л гадагшаа яаж ийгээд явчихвал болчихно гэж богино битгий бодоорой. Мэдээж хэрэг гадагшаа яв сур, ажил, үз, харьцуул бас судал.. гэхдээ эргэж ир. Чи яаж ч гоёоод яг үнэндээ Дэлхийд чамайг Монголоор л дүгнэнэ, Монгол ядуу бол чи хэдий сайн байгаад чамайг адилхан л дүгнэдэг юм билээ.

Тиймээс би л болоод бусад нь болдоггүй нийгэм бидэнд хэрэггүй ээ. Амжилтыг бас аз жаргалыг алдар хүнд, эд баялагаар тодорхойлдог үе хоцрогдсон. Гагцхүү ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хэнийг ч ард хоцроолгүй хамтдаа хөгжил дэвшилд алхах нь аз жаргалтай байгууллагыг, аз жаргалтай нийгмийг, аз жаргалтай улс эх орныг бүтээдэг болов уу.

Тиймээс Монголын асуудлыг бэрхшээл зовлон гэж харахаас илүүтэй шийдлээ хүлээж буй даалгаврууд, эзнээ хүлээж буй ажлын талбарууд гэж харж яваарай. Аль ч улс орныг үнэндээ, үймсэн олон нь биш цэгцэрч боловсорсон цөөнх нь чиглүүлж гэрэл асааж явдаг юм билээ. Би Монгол улсын их сургуулийн төгсөгчдийг харанхуйд бүдчих олны тод гэрэл нь гэж бодож явдаг. Тиймээс илүү ТОД ГЭРЭЛ нь байгаарай.

Хүндэт төгсөгчдөө, Эрхэм залуусаа

Зөвлөж чиглүүлэх нь Эрдмийн өргөө, эрдэмтэн багш нарын маань үүрэг байсан бол хаа хүрэх, хэн болох, маргаашийн Монголын өнгө төрхийг цогцлоох нь та нарт байгаа эрх чөлөө юм шүү.

Амжилтын дээдийг хүсье, аз жаргалын ихийг ерөөе.

Харин амжилт нь дан ганц танд бус танаар дамжуулж нийгэмд хүрэхийг хүсэн ерөөе.

Баярлалаа

Гэрэлтийн Тэлмэн

2022 он 6 сар 25 өдөр

МУИС ОУХС 2007 оны төгсөгч