Эмгэнэл

Нийтэлсэн огноо: 2022.08.08

Эмгэнэл

МУИС-ийн ОУХНУС-ийн дэд профессор Д.Аюуш таалал төгсөж, хамт олон, найз нөхөд, олон шавь нар гэр бүлд нь нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.

Дэд профессор Д.Аюуш УБ дахь Орос 8-р дунд сургууль, Москвагийн улсын их сургуулийг 1980 онд Хэл бичгийн мэргэжилтэн, орос хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2001 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академид олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаагаар мэргэшиж магистрын боловсрол эзэмшсэн. 1999 онд Украины Киевийн улсын их сургуулийн аспирантурыг төгсөж, 2006 онд ОХУ-ын ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан сайн судлаач эрдэмтэн, багш байлаа.

Тэрээр 1980-1982 онд МУИС-ийн Орос хэл заах аргын тэнхимд багш, 1983-1988 онд Орос хэлний багшийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1988-1991 онд Москвад суугаа Худалдааны төлөөлөгчийн газарт үйлдвэрлэлийн сургалт, курс, дадлага хариуцсан мэргэжилтэн, 1991-1996 онд хувийн секторт, Монгол-Тайваны хамтарсан компанид захирал, 1996-1999, 2003-2007 онд Москвад суугаа Худалдааны Төлөөлөгчийн Газарт, ЭСЯ-нд худалдааны атташе, 3-р нарийн бичгийн даргаар ажилласан. 2007-2009 онд “Оросын сан” ТББ-д зөвлөх, “Умард хөрш” сэтгүүлийн Ерөнхий редактор бөгөөд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2008-2009 онд Л.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн академийн Улаанбаатар хот дахь салбарын захирлын зөвлөх, ДЭЗ ба ОУЭЗХ-ны тэнхимд багш, 2009-2011 онд тус академийн дэргэдэх орос хэл, математикийн гүнзгийрүүлсэн , сургалттай Монгол лицейн үүсгэн байгуулагч ба захирал, 2011 оноос Эдийн засгийн үндэсний их сургуульд ОУЭЗХ-ны тэнхимийн эрхлэгч, зөвлөх дэд профессороор, 2012-2015 онд МУИС-ийн ОУХНУС-д ОУХ-ны тэнхимд дэд профессор, 2015-2021 онд тус сургуульд зөвлөх дэд профессороор тус тус ажиллаж байсан.

Энэ хугацаанд шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдвээр 85 бүтээл бичиж, хэвлүүлсэн, олон улсын хуралд 10 илтгэл тавьж, мөн 2017-2018 онд ОХУ-ын Буриадын их сургуулийн эрдэмтэн, судлаач нартай хамтарсан төслийн ажилд оролцож, Монголын талын удирдагчаар ажиллаж, “Гурван хөршийн дундах Монгол Улс: Монголын улс төрийн үйл явцад нөлөөлөх гадаад хүчин зүйлс” номыг бичилцэж, орчуулж, редакторлаж, 2019 онд хэвлүүлсэн.

Доктор Д.Аюуш 2015-2020 онд ШУА-ийн ОУХХ болон ОУХНУС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Төв ба Зүүн Европ судлалын Монголын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт үүрэг хүлээж ажилласан.

Түүний идэвхи зүтгэлийг үнэлж 2003 онд “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, манай улсын гадаад харилцаа, нэн ялангуяа Монгол-Оросын худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2005 онд Үйлдвэр; худалдааны Яамны “Хүндэт жуух” бичгээр, 2006 онд “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2008 онд “Их өр”-ийн асуудлыг амжилттай шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батламж”-аар, боловсролын салбарыг хөгжүүлэх, олон улсын харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, 2013 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2016 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан юм.

Таны тусч сайхан сэтгэл, нийтэч байдал, хөдөлмөрч бүтээлч зарчим зан чанар бидний сэтгэлд үүрд санан дурсагдах болно.

Монгол Улсын Их Сургууль

Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль