“SIRPA Oscars – 2022”: МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд онолын мэдлэгээ кино бүтээлд хувиргалаа

Нийтэлсэн огноо: 2022.05.25

“SIRPA Oscars – 2022”: МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд онолын мэдлэгээ кино бүтээлд хувиргалаа

М.Тэнгис, С.Арвин Оюутнууд богино хэмжээний кино уран бүтээл хийн өрсөлдөж, “Oscar” хүртлээ.

Энэ бол МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр зохион байгуулдаг “SIRPA Oscars – 2022”. Оюутнууд олон улсын харилцаа, дипломат ёслол, бизнесийн ёс горимын талаарх мэдлэгээ бататган, богино хэмжээний кино бүтээдэг энэхүү уралдаан 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй.

Ес дэх удаагийн “SIRPA Oscars – 2022” тэмцээнд:

  • Нэгдүгээр байранд “Синдерелла”
  • Хоёрдугаар байранд “Артемис”
  • Гуравдугаар байранд “Дипломат шоу” баг шалгарлаа.

Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын талаар уран бүтээл хийсэн тавдугаар баг, МУИС-ийн ХШУИС-ийн оюутан А.Билэгт-Очир дангаар өрсөлдсөн зургадугаар багууд тус тус амжилттай оролцсон юм.

Уралдааны шүүгчээр ОУХНУС-ийн тэнхмийн эрхлэгч, Профессор Ж.Баттогтох, тэнхмийн ахлах багш Д.Оюунсүрэн, ахлах багш Г.Баасанхүү, зочин шүүгчээр МҮОНРТ-ийн Стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал нар ажилласан байна.

БАГУУД: Дипломат айлчлалын дэг ёсыг сонирхолтой хэлбэрээр үзүүлэхийг зорьсон

Эхний гурван байранд шалгарсан багийн төлөөллөөс богино хэмжээний кино бүтээлийнх нь илэрхийлэх гэсэн санааг сонирхож, асуулаа.

“Синдерелла” багийн тухайд: Хичээлийн хүрээнд үзэж буй онолын мэдлэгээ хүн бүрийн мэддэг киноны  хэлбэрээр зохиомжилж, энгийн, хөгжилтэй хүргэхийг зорьжээ. Тэд “Манай багт мэргэжлийн хүн байгаагүй, өөрсдөө бүгдийг санаачилж, туршиж үзсэн нь давуу тал болсон” хэмээн онцолж байв. Тус кинонд дипломат айлчлал, ёслолын үеэр баримтлах чухал бөгөөд сонирхолтой дэг ёсуудыг үзүүлжээ.

Харин “Артемис” баг шинээр тусгаар тогтнож буй улсын хичээл зүтгэл, тулгардаг бэрхшээл, ерөнхий процессын талаар үзүүлсэн бол “Дипломат шоу” баг аливаа улсын гадаад харилцааны сайд айлчлал, уулзалтаа хэрхэн хийдгийг дүрсэлсэн байна.

Д.ОЮУНСҮРЭН: Онолын мэдлэг олгохоос гадна хандлага, чадвар төлөвшүүлэхийг хичээдэг

Энэ үеэр ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч Ж.Баттогтох “Энэ тэмцээн оюутнуудад онолын мэдлэгээ практикт бататгах том боломжийг олгодог. Мөн энэ салбар судлагдахууны хүрээнд цаашид хэрхэн бүтээлчээр хандах, судалж суралцах хэрэгтэйг оюутан гэлтгүй багш нар ч олж хардаг, мэдлэг мэдээлэл нэмдэг маш зөв санаачилга” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Мөн зочин шүүгчээр ажилласан МҮОНРТ-ийн стратеги, хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал “Орчин үед цахим технологи хурдацтай хөгжиж байгаа ч харилцаа гэдэг эгэл амьдрал дахь хамгийн чухал үнэт зүйл хэвээр байна. Бусад салбаруудад уламжлалт онолууд нь үгүйсгэгдэж, цаг үеийн шинэчлэлийг даган өөрчлөгдөх шаардлагатай болж байхад “Харилцаа” хэмээх мөнхийн үнэт зүйлд тулгуурладгаараа олон улсын харилцаа мөн чанараа хадгалж байна. Мөн технологийн хувьслыг дагаж, цахим дипломат уулзалтын талаар ч хэлэлцэж эхлэх нь дамжиггүй болоод байна” гэлээ. Тэрбээр өөрөө ОУХНУС-д 2014 онд магистрын зэргээ хамгаалсан төгсөгч юм.

Түүнчлэн “SIRPA Oscars” тэмцээнийг анх санаачилсан, Олон улсын харилцааны тэнхмийн ахлах багш Д.Оюунсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний хувьд оюутнуудад зөвхөн мэдлэг олгохоос гадна чадвар, хандлага төлөвшүүлэхийг хичээдэг. Энэ үүднээс онолын мэдлэгийг нь практикт бататгах үндсэн зорилгын хүрээнд, оюутнууд өөрсдөө улс орнуудын удирдагч, гадаад харилцааны сайдын дүрд тоглож, дипломат хүлээн авалтад оролцож үзэх боломжтой ийм тэмцээн санаачилж байсан. Бас оюутан насны нэгэн сайхан дурсамж болж үлдээсэй гэж хүссэн. 2011 онд анх зохион байгуулсан бөгөөд 2016 оноос манай оюутнууд “SIRPA Oscars” гэж нэрлэх санал гаргаснаар илүү өргөжин тэлж байна” хэмээлээ.

Энэ удаагийн уралдаан МУИС-ийн үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаараа онцлогтой юм.

Өнгөрөгч жил буюу 2021 онд МУИС-ийн ОУХНУС-ийн 30 жилийн ой тохиосон бөгөөд Монгол Улсад гадаад харилцааны мэргэжилтэн, дипломатуудыг бэлтгэдэг анхны сургуулийн хувьд үе үеийн төгсөгчид нь улс орныхоо олон салбарт амжилттай ажиллаж байгаа билээ.

SIRPA Oscars 2022 уралдаанд эхний байр эзэлсэн бүтээлүүдийг дараах холбоосоор орж сонирхохыг хүсье:

  1. Үнсгэлжин элчин сайд болсон нь https://www.youtube.com/watch?v=FHeDbk6rjWM
  2. Женовиа улсын тусгаар тогтнол https://www.youtube.com/watch?v=p-7VnSeVk5w
  3. The Diplomat Show https://www.youtube.com/watch?v=1BQUQd7k7cw