“Дипломат үйл ажиллагаа: Экспертийн цуврал лекц”

Нийтэлсэн огноо: 2022.04.16

“Дипломат үйл ажиллагаа: Экспертийн цуврал лекц”

МУИС-ийн 80 жилийн ой, ОУХНУС-ийн 30 жилийн ойг тохиолдуулан ОУХНУС-аас санаачлан зохион байгуулж буй “Дипломат үйл ажиллагаа: Экспертийн цуврал лекц”-ийн хоёр дахь арга хэмжээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус лекцийн зочноор Ази, Номхон далайн орнуудын газрын захирал хатагтай Эрдэнэцогтын Сарантогос оролцсон юм. Э.Сарантогос нь 1997 онд МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуульд Олон улсын харилцааны баклавр, 2002 онд Японы Васедагийн Их сургуулд Олон улсын харилцааны магистр, 2010 онд Австралийн Аделайдын Их сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны магистрийн зэргийг тус тус хамгаалсан манай хүндэт төгсөгчдийн нэг юм. Тэрээр 1997 онд ГХЯ-ны Азийн газарт анх мэргэжилтэн болж орсон цагаасаа хойш өдгөө 20-иод жилийг Монгол Улсын гадаад харилцааны хөгжил дэвшилд зориулан ажиллажээ. Мөн тэрээр Монгол Улсаас БНСУ-д суух дараагийн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар бөгөөд тун удахгүй үүрэгт ажлаа хүлээн авах гэж буй юм.

Тэрээр Монгол Улс болоод Ази, Номхон далайн орнуудын харилцааны онцлог, түүхэн зангилаа, Ази, Номхон далайн орнуудын газрын үйл ажиллагаа, хамрах асуудлуудын талаар хуваалцахын сацуу оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав. Оюутан насандаа мэдчихсэн байгаасай хэмээн хүсэж явдаг зүйлсээ оюутнуудад уламжилж, өөрийн олон жилийн туршлагаа харамгүй түгээсэн Э.Сарантогос захиралд бүх оюутан залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.